- Legalguide's Newsletter
- Posts
- Хуульч Мазаалай цахим сэтгүүл No3
Хуульч Мазаалай цахим сэтгүүл No3

Сайн байна уу,
Хууль, эрх зүйн мэдээ, мэдээллийг Танд хүргэдэг “Хуульч Мазаалай” цахим сэтгүүлийн 2025 оны гурав дахь дугаараар мэндчилж байна.
Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ нэмэгдэнэ.
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаартай тогтоолоор Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792,000 төгрөг байхаар тогтоосон.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-т даатгуулагчийн сард төлөх шимтгэлийн хувь хэмжээг хөдөлмөрийн хөлсний хэмжээгээр нь тогтоохоор хуульчилсан. Үүнтэй холбоотойгоор эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ 2 хувиар нэмэгдэхээр Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаартай тогтоол гаргасан. Иймд, энэ оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн иргэд эрүүл мэндийн даатгалд сар бүр 15,840 төгрөг төлөх юм.
Эрчим хүчээр хангагч нь хэрэглэгчтэй анзын гэрээг бичгээр байгуулсан эсэхээс үл хамаарч алданги шаардах эрхтэй.
Анзын гэрээг бичгээр байгуулах талаар Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.3 дахь хэсэгт заасан. Тодруулбал, Анзын төрөл болох алданги, торгуулийг бичгээр гэрээ байгуулсан тохиолдолд л шаардах эрхийг дээрх хуулиар зохицуулжээ.
Гэвч зарим тохиолдолд анз нь гэрээний дагуу бус хуульд зааснаар үүсэж болдог байна. Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “Эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна.” гэж заажээ. Тодруулбал, Эрчим хүчээр хангагч нь хэрэглэгчтэй анзын гэрээг бичгээр байгуулсан эсэхээс үл хамаарч алданги шаардах эрхийг хуулиар олгосон байна.
Дээрх тохиолдолд эрчим хүч хэрэглэгч нь анзын гэрээг бичгээр байгуулаагүй гэж алданги төлөхөөс татгалзах эрхгүй ба эрчим хүчний төлбөрөө зохих ёсоор төлөөгүй тохиолдолд эрчим хүчээр хангагчийн шаардлагаар алданги төлөх үүрэг хуулиар үүснэ.

Монгол Улсын үндэсний баялаг болох оюуны үнэт зүйлийг хамгаалахын учир
Монгол Улсад 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр “Оюуны өмчийн тухай хууль”-ийг баталсан ба энэхүү хуулиар оюуны өмчийн эрхээр хамгаалагдах бүтээл, оюуны өмчийг хамгаалах зарчим, оюуны өмчийн байгууллагын тогтолцоо, чиг үүргийг тогтоох, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахыг дэмжихтэй холбогдсон нийтлэг харилцааг зохицуулдаг. Бид энэ удаагийн дугаараар оюуны өмчийг хамгаалах, түүний ач холбогдлын тухай онцлон хүргэж байна.

Оюуны өмчийг хамгаалах нь нийгэм, эдийн засгийн олон талт ач холбогдолтой. Тухайлбал:
Нэгдүгээрт, оюуны өмч нь шинэ санаа, бүтээлийг урамшуулдаг. Хүмүүст өөрсдийн оюун санаагаа хөгжүүлж, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэхэд түлхэц өгдөг. Хэрэв оюуны өмчийг зохих ёсоор хамгаалахгүй бол хүмүүс хөрөнгө, цаг хугацаа зарцуулан бий болгосон бүтээлийг нь зөвшөөрөлгүй ашиглах, хуулбарлах зэрэг эрсдэлээс болгоомжилж, шинийг санаачлах сэдэлгүй болохоос сэргийлдэг.
Хоёрдугаарт, оюуны өмчийг хамгаалах нь эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлдэг. Хамгаалагдсан оюуны өмч нь бизнес эрхлэгчдэд онцгой эрхийг эзэмшиж, эдийн засгийн ашиг олж, өрсөлдөөний давуу тал үүсгэх боломжийг бүрдүүлнэ. Ингэснээр зах зээлд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг хурдан нэвтрүүлэх, шинэ ажлын байр бий болгох, эдийн засгийн өсөлтийг дэмжих боломжтой болдог.
Гуравдугаарт, оюуны өмчийг хамгаалах нь бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжруулж, хэрэглэгчдэд итгэл өгдөг. Брэндийн нэр хүндийг хамгаалах, хуурамч бүтээгдэхүүнээс зайлсхийх замаар хэрэглэгчдийн итгэлийг нэмэгдүүлж, тэдэнд илүү чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг авах боломжийг олгодог.
Түүнчлэн оюуны өмчийн хамгаалалт нь урлаг, соёл, шинжлэх ухааны салбарт хувь нэмрээ оруулж, эдгээр салбарыг илүү хөгжүүлж, нийгэмд соёлын олон янз байдлыг хадгалах, улс орны хэмжээнд гадаадын хөрөнгө оруулалтыг татах, олон улсын зах зээлд өрсөлдөх чадамжийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.
Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний тухай
Улсын Их Хурлаас 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд энэ удаагийн дугаарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний зохицуулалтад оруулсан шинэлэг нэмэлт, өөрчлөлтийн талаар тоймлон бэлтгэлээ.
Тодруулбал, Хуульд заасан үндэслэлээс гадна Эрүүгийн хуульд хорих ялын доод хэмжээг 8 жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийн яллагдагчид дараах үндэслэлийн аль нэгээр цагдан хорих шийдвэр гаргахаар хуульчилжээ. Үүнд:
Гэмт хэрэг үйлдэж байх үед, эсхүл үйлдсэн дор нь, эсхүл гэмт хэрэг үйлдсэн газраас зугтах үед барьсан бол,
Гэмт хэрэг үйлдсэн даруйд гэрч, хохирогч шууд заасан бол,
Хэргийн газарт болон тухайн хүний хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд ул мөр илэрсэн бол,
Эрхшээлдээ байгаа насанд хүрээгүй хүний эсрэг, эсхүл өөрийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах чадваргүй хүний эсрэг гэмт хэрэг үйлдсэн бол,
Зохион байгуулалттай гэмт бүлгийн үйлдсэн гэмт хэрэгт хамтран оролцсон бол,
Монгол Улсад оршин суух газрын хаяг тодорхойгүй, эрхэлсэн ажилгүйн улмаас түүнийг мэдэгдэх хуудсаар дуудах боломжгүй бол,
Монгол Улсад байнга оршин суудаггүй бол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг прокурорын санал болгосноор шүүхээс авах боломжтой байхаар зохицуулжээ.
Хүүхдийн тэтгэлгийг нөхөн гаргуулахаар шаардаж болох хэдий ч хүүхдээ асарч хүмүүжүүлсэн эсэх нь нөлөөлнө.
Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлгийг төлөгдөөгүй хугацаагаар нөхөн төлүүлэхээр, хариуцагч нь уг нэхэмжлэлийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч хүүхдээ асарч өсгөөгүй болохыг тогтоолгохоор маргажээ.
Анхан шатны шүүх Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т “Тэтгэлэг төлөгч тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн, цалин хөлс, бусад орлогоо нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол шүүх тэжээн тэтгүүлэгч, бусад иргэн, холбогдох байгууллагын нэхэмжлэлийг үндэслэн төлөгдөөгүй тэтгэлгийг нөхөн төлүүлж болно” гэж заасныг үндэслэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан буюу төлөгдөөгүй хүүхдийн тэтгэлгийн хагасыг хариуцагчаар гаргуулахаар шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч хүүхдийг өсгөн хүмүүжүүлсэн гэдэг нь тогтоогдоогүй, хариуцагч тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн нөхцөл байдал тогтоогдоогүй хэмээн дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Улсын дээд шүүх давж заалдах шатны шүүхийн магадлалыг үндэслэлтэй хэмээн үзэж хэвээр үлдээжээ.

Таны ажилд амжилт хүсье.
Хүндэтгэсэн, Хуульч Мазаалай
